1. Тархиа бүү царцаа
Зарим нэг зүйлийг хичнээн олон удаа уншаад ч ойлгохгүй байх явдал бидэнд тохиолддог. Энэ нь сүүлийн үед ерөөсөө тархиа дорвитой гэгч нь ашиглаагүйн шинж. Юмыг хурдан сурах нэг арга бол зогсолтгүй сурах явдал өөрөө юм. Заавал хүнд хэцүү зүйл гэлтгүй, өөрийнхөө дуртай зүйлийнхээ талаар ч байсан хамаагүй ямарваа шинэ мэдлэг, мэдээлэл авч, юуг ч юм идэвхтэй бодож байхад л бидний тархи тэлдэг. Тиймээс тархиа царцаахгүйн тулд та өдөр бүр оюуны хөдөлмөр хийж бай. Түүнчлэн нэг ойлгосон зүйлээ дахин дахин давтаж, хэрэглэх нь ч үр дүнтэй арга юм.
2. Янз бүрийн арга туршиж үз
Жишээ нь хэл сурах гэж байгаа бол та зөвхөн аудио хуурцаг сонсохын оронд хажуугаар нь тухайн хэлээрээ ном уншиж, өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж заншвал толгойд тогтоогдоно. Мөн та аливааг зохион байгуулах чадварт суралцахыг хүсч байвал ганцхан түүнтэй холбоотой ном уншилгүй, өөрөө өөртөө менежментийн шинэ аргуудыг нээж болох юм. Нэг л үр дүнд хүрэх өөр өөр аргад суралцсанаар та тухайн мэдлэгээ өөрийнхөө дотор цементлэж, бэхжүүлнэ. Тархины унших, бодох, хуваарилах, сонсох зэрэг бүх хэсгүүдийг та нэг л юмыг сурахын тулд ашиглавал, таны оюун ухаанд зөвхөн тэр мэдлэгийн тухай дотоод холбоо, тогтолцоо үүсэх юм. Ингэснээр та өнөөхөө зүгээр л цээжлээд орхилгүй, харин жинхэнээсээ сурч чадна гэсэн үг.
3. Сурсан юмаа бусдад зааж өг
Ямарвааг та өөрийнхөө толгойд ягштал суулгамаар байвал та бусад хамтран ажиллагсад, суралцагчдад түүнийгээ зааж өгөх хэрэгтэй. Хүмүүст заах нь өөрөө өөртөө дахин чангаар уншиж зааж өгч байгаагаас өөрцгүй юм. Түүнчлэн хүн бусдын ярьж байгаа зүйлийг сонсохоос илүүтэй, өөрийнхөө ярьж байгаа зүйлийг сонсоход анхаарлаа хандуулдаг. Хамгийн гол нь заах гэж: буй зүйлээ номны биш өөрийнхөө үгээр тайлбарлах нь чухал. Ингэхийн тулд та эхлээд заах гэж байгаа зүйлийнхээ мөн чанарыг мэдсэн, тайлсан байх учиртай. Хүмүүст заах боломжгүй байгаа бол та тэр сэдвийнхээ хүрээнд блог бичиж болох юм.
4. Практик туршлага хуримтлуул
Суралцана гэдгийг олон хүмүүс ном бариад суухын нэр гэж боддог. Суралцана гэдэг нь мэдлэг хүлээж авахаас гадна, авсан мэдлэгээ үйлдлээрээ үзүүлэх явдал юм.
5. Санах гэж хичээхийн оронд зөв хариуг нь шууд хар
Сурна гэдэг мэдээж тийм амар юм биш. Заримдаа бид аль хэдийн уншиж мэдсэн зүйлээ эргээд санах гэхэд хэсгээс нь мартчихсан байдаг. Хэрэв та нэг зүйлийг санахад маш удаан хугацаа зарцуулж, өөрийгөө зовоож байвал ингэхийн оронд шууд зөв хариуг харсан нь дээр юм. Учир нь тэгэн байж олсон зүйл дараа нь дахиад л мартагдах нь их байдаг болохыг нэгэн судалгаа харуулжээ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл ингэж тархиа гашилгах нь эвдрэл болохоос мэдлэг болж үлддэггүй аж.
6. Гол санааг нь л ойлго
Хэрэв та 65 хуудас материалыг бүгдийг нь уншиж ойлгох шаардлага гарвал огтхон ч өгүүлбэр өгүүлбэрээр нь нягтлах хэрэггүй. Бүгдийг нь хурдтай уншиж дуусга. Унших явцад хамгийн олон давтагдаж байгаа санаанууд таны тархинд үлдэнэ. Тэр санааг гүйцэд ойлгохын тулд дахиад нэг удаа хурдтай уншчих. Тэгээд дундуур нь босч өөртөө цай аягалангаа бага зэрэг амарсан ч болно. Үг болгоныг хүчилж уншвал сүүлийн хэдэн бүлэг дээр та бүр ядарч гүйцэх болно. Тэгээд өмнө нь уншсанаа ч мартчихна. Зайлшгүй мэдэх ёстой зүйлсээ л ойлгож аваад, бусад деталиуд бол тэрхүү чухал санааг л тойрсон хачир юм гэдгийг ухаараарай. Ямарвааг үгчилж биш утгачилж ойлговол хамаагүй үр дүнтэй байдаг.
No comments:
Post a Comment